Буриадууд 1916 оны үеэс Баяндун нутагт нүүдэллэн ирсэн гэж бичдэг. Ихэнх нь Ага, Табтаанай, Дульдарга, Онон голоос ирэгсэд байлаа. Тэр үед Оросын чанга харуул манаатай, хатуу хуультай хилийн дээсийг давна гэдэг үнэндээ амиараа дэнчин тавьж гарна гэсэн үг байлаа. Хэдчинээн хүний амь сүйдэв, хэдчинээн их эд хөрөнгөө хаяж орхиж ирэв. Ингэж л тэд маань зүтгэж энэ нутагт ирсэн юм даа.

Шинэ нутаг оронд суурьшилтай болсноор 1922 оны 5-р сард Улз голын буриад хошуу байгуулагдсан байна. Хошууны захирагчаар Сандагийн Дамдин, түүний дараа Цэрэний Дугаржав гэдэг хүмүүс сонгогдож байжээ. Ардын төр засаг үүсгэн байгуулагдсан үеэс эхлэн хувьсгалын хамгийн чухал зорилтын нэг хөдөлмөрчин ард түмний оюуны хоцрогдлыг арилгаж үндэсний соёл боловсролыг цоо шинээр үүсгэн хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн тавьсан юм. “Ард түмнийг бага нас, их нас хэмээн ялгахгүй монгол үсэг бичиг ба бусад олон зүйлийн тусгай эрдэмд боловсруулан нийтээр эрдэмжүүлсүгэй” гэсэн заалт өгсөн юм.

Цэрэний Дугаржав даргын удирдлагаар 1922 оны 12-р сард болсон хошууны 2-р хурлаар нутагтаа сургууль байгуулах тухай хурлаас гарсан шийдвэрт “Сургууль боловсролын газар байгуулан олон түмний үр садыг бичиг үсэгт сурган гэгээрүүлж дэлхий дахины, улс түмний явдал, байгаль ертөнцийн сонин хачин, шашны түүх шастиртай танилцуулах нь зүйд нийцнэ” гэж онцлон тэмдэглэж, улмаар энэ асуудал дээшээгээ өргөн баригдсан байна..

Монгол Улсын төр засгаас Улз голын хошууны сургууль байгуулах хурлын шийдвэрийг дэмжин баталж өгснөөр Монгол Улсын анхны 13 сургуулийн нэг, тэр тусмаа улсын анхны хөдөө хошууны сургууль болж байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй ажээ. Баяндунгийн сургууль 1923 оны 10-р сарын 15-нд 2 багш, 42 сурагчтайгаар 2 эсгий гэр, 1 жижиг дүнзэн байшинд анхны жилийн хичээлийн нээлтээ хийсэн байна. Эрдэнийн булагт байгуулагдсан энэ сургуулийн анхны захирлаар Жигжидийн Дэлэгдорж, багшаар нь Номинтоогийн Жигжид (Санжино) гэдэг орос улсын гимнази сургуулийн боловсролтой өндөр мэргэжлийн хүмүүс ажиллаж эхэлсэн байна. Тэр үед нутгийн зон олон сургуулийнхаа үйл хэрэг, үр хүүхдийн хичээл номд үлэмжийн их анхаарал тавьж зүйл бүрээр тус дэмжлэг үзүүлж байлаа.

Удалгүй хошууны энэ сургууль 1925 оны намар Наранбулагт нүүж ирсэн байна. Наранбулаг бол “Монголын нууц товчоон” номд “Нарату шүтээн” гэж бичигдсэн, сүүлд Нараны гэгээн гэдэг нэгэн нэртэй хүн нутаглаж байсан өлзий ээлтэй газар гэгддэг учир энэ нутгийг сонгожээ. Цэрэндорж гэдэг мужааны удирдлагаар 2 дүнзэн байшин барьж сургууль төвхнөж эхэлсэн байна. Ингэж Баяндунгийн сургууль энэ нутагтаа суурьшин хөгжиж, тэгснээр Дашбалбар, Баяндун, Гурванзагал, Цагаан-овоо, Түмэндэлгэр, Баян-Уулын зон түмний үр садыг соён гэгээрэлд хөтлөн оруулах үйл хэргээ явуулах болсон байна. Тэр эхний үеэс авахуулаад Жигжиджав, Зундуй, Анударь, Дашдорж, Сэрээтэр, Гомбосүрэн гээд олон багш захирлын албыг ээлжлэн хашиж, Линховойн Аюур, Гүрийн Дашням, Нямын Холхор, Наянтайн Насан, Цэдэний Жамъян, Жамсраны Анударь , Товын Сэрээтэр, Додийн Базар нарын нутгийн нэртэй хүмүүс солигдон багшаар ажиллаж байсан байна. Нутгийн зон олон дотор Сандагийн Дамдин, Боролдойн Жигжид, Рэнчиний Чойвоон, Бурваа Мижид, Дансраны Гарам, Цэрэнпилийн Дамдинжав, Д. Додь нарын орос, монгол хэлбичигтэй хүмүүс олон, тэд сургуулийн үйл хэргийг хамгаалж үр хүүхдийг шинэ цагийн боловсролоор хөгжүүлэх нь зөв гэж дэвшилтэт санаагаар дэмждэг хүмүүс олон байлаа. Тэр үед өргөл мөргөлийн их газар болох Угтамын хийд, Дамбадаржаалин хийдэд олон хүүхэд шавилан сууж байсан, сургууль, хийдийн хооронд нийгмийн өрсөлдөөн зөрөлдөөнтэй үе байв. Угтамын хийдийн толгой ламаар хувилгаан сорж Довчин лам сууж байсан, түүний дор Бавуу Чоймбон, Бямбаа гавж, Шагдар хамба, Чоймбол гүрэмч, бороо саригч Түвэд, жадхаш Наваан Шарав, Цагаан дээлт зэрэг өндөр мяндаг цолтой гэгээрсэн гэгддэг лам нар байдаг байв. Дамбадаржаалин хийдийн ширээт ламаар Энэтхэг, Түвэд орны эрдэм номын их газарт сайтар боловсорсон Дашийн Жамъянжорвон, гавж лам Галсанлодой нар ажиллаж байжээ. Иймд нутгийн зон олон үр хүүхдийнхээ заримыг тэр бурхны номын газрын сургуульд сургах сонирхолтой, тэгээд тэнд хүүхдийнхээ заримыг өгдөг, тэр газар олон хувраг шавилж байсан байна. Ийнхүү хуучин, шинэ гэгдэх хоёр газар хоорондоо тодорхой тэмцэлтэй байжээ. Ийм мэтийн олон үйл явдал, хүнд бэрхшээлийг давж төр засаг, нутгийн хүмүүсийн дэмжлэгээр эрдмийн эх булаг, номын их өлгий Баяндунгийн сургууль мандан бадарч хүч чадлаа авсан байдаг билээ.

1928 онд Дорнод аймгийн соёл боловсролын уралдаан болж 24 сумын бичиг үсгийн сургалтын дүнгээр Баяндун сум тэргүүн байр эзэлж өөрийн суман дахь бага сургуулийг үлгэр жишээ сургууль болгож чадсан гэж үнэлгээ авч байсан байна. Энэ нь аргагүй бидний бахархлыг төрүүлж байдаг юм.

Улс орны ууган сургуулийн хувьд манай сургууль хүн ардынхаа соёл гэгээрлийн төв байх үүргээ нэр төртэй биелүүлж байлаа. Юу вэ гэхэд, Монгол улс 1923 оноос хойш гурван удаа бичиг үсэг сольсон юм. Манай сургууль 1923 оноос 1929 он хүртэл хуучин монгол үсгээр, 1929 оноос 1932 он хүртэл латин үсэг дээр хийх сургалттай, 1933 оноос аажмаар кирил үсэг бүхий сургалттай болж, энэ бүхэнд нутгийн бүх хүмүүсийг тухай тухайн бичиг үсэгт бүрэн дүүрэн тайлж өгч байсан билээ. Улс орны бичиг үсгийн соёлын хэд хэдэн удаагийн хувьсгалын ажлыг сургууль маань нугалж өгч нутгийнхнаа бичиг үсэгт бүрэн тайлах нүсэр бөгөөд чухал ажлыг гардан хийж байсныг тэмдэглэх хэрэгтэй.

Эрдэм номгүй хүн юу билээ. Боловсролгүй хүний үнэ цэн юу билээ. Хэн ч биш, юу ч биш гэгдэх биз дээ.

Баяндунгийн сургууль маань нутгийнхныхаа амьдралд гэрэл гэгээ оруулж ард олны үр садад эрдмийн жигүүр, өд далийг ургуулан өгч тэднийг өндөр авах далавч жигүүртэй болгон Монголын үе үеийн сэхээтний анги давхрагад багтаан оруулах замыг нь зааж өгсөн юм. Баяндунгийн сургууль өөрийн төрүүлсэн шавь нараа Монголын нэртэй, алдартай, үйлс арвинтай хүмүүс болгож чадсан, тэр шавь нараараа мөнхөд бахархах учиртай. Тэр хүмүүс нь хэний хэн бэ гээд бичихлээр үнэндээ барагдашгүй.

1920-оод онд Баяндун сумын хүн ам нийтдээ 2000 хүрэхгүй байлаа. Энэ цөөхөн хүн амаас Монголын салбар салбарын анхдагчид олноор төрөн гарсан нь бахдалтай байдаг. Монгол улсын анхдагчдыг төрүүлнэ гэдэг их хувь хандив хэн бүхний бахархал юм, улс орны анхны мэргэжилтэн, цолтон болж энэ нэрийг зүүнэ гэдэг аз хувьтай зүйл билээ. Би энд монголын анхдагчид болсон төгсөгчдөөсөө заримыг нь бичье. Бусдыг нь хойно дараа дараачийн хуудаснуудад оруулсан болохыг урьдчилан хэлье.

  • Монгол Улсын анхны төрийн шагналтан Додийн Чойдог, Очирын Цэвэгжав нар
  • Монгол Улсын анхны гавъяат багш Дондогийн Цэвэгмид
  • Монгол Улсын анхны хөдөлмөрийн баатар багш Додийн Базар
  • Монгол Улсын анхны тууварчин хөдөлмөрийн баатар Цэмпилийн Цэрэндорж
  • Монгол Улсын төрийн алтан соёмбот туг далбааны зураг эскизийг анх гаргаж өгсөн зураач Додийн Чойдог
  • НҮБ-ын өндөр индэр дээрээс үг хэлж МУ-ыг НҮБ-ын гишүүнд элсүүлсэн дипломатч Дондогийн Цэвэгмид
  • Монгол Улсын анхны ударник цол хүртсэн төмрийн уран дархан Д. Балбар
  • Анхны биологийн шинжлэх ухааны доктор Дондогийн Цэвэгмид
  • Усны аж ахуйн салбарыг байгуулахад анхдагчаар оролцож анхны сайд нь болсон Бавуудоржийн Барас
  • МУ-ын Харилцаа холбооны анхны инженер, сайд Магсарын Чимиддорж
  • Авто-ын анхны инженер , гавъяат багш Самбуугийн Ишбалжир
  • Илизаровын аппаратыг гэмтлийн эмчилгээнд анхлан авч хэрэглэсэн эмч Хорлоогийн Баттөмөр
  • Нисэхийн Холбооны инженерийн албыг бага ангийн боловсролтой атлаа тэнцэж хашсан анхны мэргэжилтэн Балбарын Нагмид
  • МУ-д загас үржүүлэг, минж үржүүлгийг анхлан гардаж хийсэн, монголын анхны 7 профессор цолтны нэг эрдэмтэн Анударийн Дашдорж
  • 100 насандаа улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн дэлхийн анхны генерал Базарын Цэдэн-Иш
  • МУ-ын иргэний агаарын тээврийн анхны 5 нисэгчийн нэг Сэрээтэрийн Чүлтэм
  • Физикийн симметрийн онолд “наймалсан зам” гэж аргын нээлтийн эх, эхлэлийг тавьж өгсөн Монголын анхны онолын физикч нэрт эрдэмтэн Дугаржавын Цэрэн
  • МУ-ын анхны онгоцны нисэгч Балданы Батцэрэн
  • МУ-ын анхны авто шуудангийн жолооч Цэдэний Дорж
  • Эх орныхоо төлөө дайнд аймшиггүй зориглон мордсон 16 охидын баг
  • Социализмын үед хогон дээрээс трактор босгож ашигласан анхны малчин Балбарын Балжин
  • Монголын анхны малын эмч эмэгтэй Цэрэндашийн Эрэгзэдмаа

Цааш нь энэ мэтээр бичвэл нэлээд олон хуудас болно.

1920-иод онд амьдралын бэрх хэцүүг сөрөн туулсан, 30-аад онд аавтай хүүхэд үлдээгүй шахам хэлмэгдэлд өртөж байсан, 40-өөд онд дайны хар шуургыг амссан хязгаар зах нутгийн цөөхөн хэдэн хүн зон ийм олон сэхээтэн алдартан төрүүлсэн нь үнэндээ гайхмаар байдаг юм. Энэ бол засаг захиргаа, сургууль соёлын төвтэй болж амьдралаа төвхнүүлэх агуу чадамж чадвар гаргаж тэр үед ахмад үеийнхэн маань хэрхэн зүтгэж явсныг илтгэх нэгэн гавъяа, бидний аав ээжийн үеийнхний алтан түүх юм. Буриад монголчууд оюунлаг, чадварлаг гэдгийг батлах нэгэн бахархал энэ бүлгээ.

Нутгийн минь хөгжлийн үүх түүх үнэндээ сургуультай маань салшгүй холбоотой билээ. Боловсрол хүнийг, хүмүүнийг яаж өнгөлж өөд нь татаж өргөн олон түмэн, нийт нийгмийн дунд оруулж өгдгийг өнгөрсөн түүх харуулж байна.

Монголд зуун зууны хоцрогдлыг арилгахад Баяндунчууд үлэмж их хувь нэмэр оруулсныг улс орон даяар мэднэ. Увс, Алтайн хязгаар, холын Завхан, Архангай, Хөвсгөлийн их тайга нутгаар Баяндунгийн сургуулийн манай төгсөгч охид хөвгүүд эрдэм ном зааж гэгээрлийн үрийг цацаж түгээж явсан түүхтэй билээ.

Сургуулийн минь эхэн үеийн түүх холдсоор байна. Анхны түүх холдох тусам тэр үеийнхний үйлс уламчиг тодрон тодорсоор байгаа билээ. Тэд Монгол улсын түүхтэй цуг өсч өндийж тэр он жилүүдийн хүнд ачааг мөрөн дээрээ үүрэлцэж явсан, үнэндээ эх орон ард түмэндээ өөрийн гавъяагаар өндөр сарьдгийн оргил шиг хөшөө дурсгал буй болгосон аз хувьтай хүмүүс юм.

Шинэ үеийнхэн бид бас ахмадуудынхаа залгамж халаа болж сургуулийнхаа үйл амьдралыг үргэлжлүүлэн авч явж байна. Сургууль маань 1968 онд 8 жилийн сургууль, 1991 онд 10 жилийн сургууль болж өргөжин 1993 онд 70 жилийнхээ ойгоор сургуулийн ахмад төгсөгч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, Монгол Улсын ууган гавъяат багш, доктор профессор Д. Цэвэгмидийн нэрэмжит болсон юм. Өнгөрсөн хугацаанд 4700 гаруй хүнд боловсрол олгож эдүгээ 600 гаруй сурагчид, 30-аад багштай, тохилог сайхан байр байшин, тавлаг гэгээн орчин нөхцөлтэй орчин үеийн том сайхан сургууль болжээ.